Үр шилжүүлэн суулгалтын туслах нэмэлт ажилбарууд

ИКСИ АЖИЛБАР  
(Өндгөн эсийн цитоплазмын дотор сперматозоид тарих арга)
(ICSI-IntraCytoplasmic Sperm Injection)



Энэ аргыг хавсарсан эрэгтэй үргүйдлийн шалтгаантай, спермийн шинжилгээгээр эр эсийн тоо, хөдөлгөөн зэрэг үзүүлэлтүүд муу гарсан, эсвэл шалтгаан тодорхойгүй үргүйдэл зэрэг тохиолдолд зайлшгүй хийнэ. Зарим тохиолдолд эм бэлгийн эсийн тэжээлийн бүрхүүл болох тунгалаг бүрхүүлийг эр эс нэвтэлж орж чадахгүйн улмаас жирэмслэхгүй тохиолдол байдаг. Иймээс ICSI тусгай ажилбар нь эмэгтэйн өндгөвчнөөс эм эс гарган авсны дараагаар, түүн дотор хамгийн эрүүл цорын ганц эр эсийг сонгон авч микро мэс ажилбарын түсламжтайгаар өндгөн эсийн дотор эр эсийг шууд оруулан бүрэлдүүлдэг.  Өөрөөр хэлвэл үр хөврөл өөрөөрөө явагдах боломжгүй  тохиолдолд микроскоп ашиглан өндгөн эсийн цитоплазмын дотор эр бэлгийн эсийг шууд тарьж оруулан үр хөврөл явуулжөсгөх арга юмЭнэ маягийн микро мэс ажилбарыг хийсэн ч хэлбэрт өөрчлөлт болон гажиг үүсэхгүй бөгөөд өөрөөрөө жирэмслэн төрүүлсэн хүүхдийн адилаар эрүүл хүүхэд төрдөг. 

ПИКСИ АЖИЛБАР
(Петрийн тавганд хийгдсэн ИКСИ)
(PICSI-Petri Dish ICSI)





Энэ арга нь үндсэндээ ИКСИ ажилбараас нэг их ялгагдахгүй бөгөөд ИМСИ ажилбартай хослуулан хийх боломжтой арга юм. Ердийн үр хөврөл нь нэг сайн чанарын өндгөн эсийн гадаргуун дээр үй олон эр эсүүд наалдан тэдгээрээс хамгийн эрүүл нэг эр эс л өндгөн эсийн тунгалаг бүрхүүл буюу гадаргууг нэвтэлж орон үр хөврөл явагдаж эхэлдэг бол өсөлт нь гүйцээгүй эр эсүүд нь өндгөн эсийн гадаргууг хүрээлж байдаг эсийн тэжээлийн бүрхүүл хальсыг сайн нэвтэлж орж чаддаггүй тул өсөлт нь гүйцсэн өөрөөр хэлвэл бие гүйцсэн эр эсийг сонгож шилэх микро ажилбарыг PICSI гэнэ. Зөвхөн өсөлт нь гүйцсэн хамгийн сайн эр эс л өндгөн эсийн гадаргуун дээр наалддаг гэдгийг дээр дурдсан. Учир нь өндгөн эсийг хүрээлж байдаг эсийн тэжээлийн бүрхүүл болох тунгалаг бүрхүүлийн найрлаган дахь гол элемент нь гиалуроны хүчил(гиалуроновая кислота) бөгөөд түүнд зөвхөн бие гүйцсэн эр эс л наалдаж чаддаг. Өсөлт нь гүйцсэн эр эсэд ямар нэг хромосомын гажиг юмуу генийн өөрчлөлттэй байх тохиолдол харьцангуй цөөхөн байдаг. Иймд PICSI(бие гүйцсэн эр эсийг ялгаж сонгох арга) ажилбарыг хийхдээ гиалуроны хүчил түрхэж өнгөлсөн тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан өсөлт нь гүйцсэн эр эсийг ялгаж авах нарийн аргачлалаар хийдэг. Ингэснээрээ зөвхөн хэлбэр болон хөдөлгөөнийг нь харгалзан үзэж сайн эр эсийг сонгон авч өндгөн эсийн цитоплазм дотор тарьж оруулдаг ердийн микро ажилбар болох /ICSI/-ын сул талыг нөхөн ICSI ажилбарыг илүү үр дүнтэй болгож өгөх бие гүйцсэн эр эсийг сонгож цитоплазм дотор тарих арга юм. Энэ аргыг үрийн шингэний шинжилгээний хариу муу гарсан, эрэгтэй үргүйдлийн шалтгаантай тохиолдолд хийнэ.



Туслах хетчинг
(от англ. to hatch out "өндөг хагарах")




Эр эс, өндгөн эсийн нийлэмжээр бий болсон үр хөврөл нь бластоцист болтлоо өсч хөгжсний дараа умайн хананд бэхлэгдэхийн тулд тэр хугацаанд үр      хөврөлийг хамгаалж байсан гадна хальс(тунгалаг бүрхүүл)-ийг цоолж гарах хэрэгтэй болдог. Энэхүү процессийг өндөг хагарах гэж ярьдаг.Энэхүү процессийн алдагдал нь зарим тохиолдолд үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болох шалтгаан болдог. Өөрөөр хэлвэл, үр хөврөлийг хамгаалж байдаг гадна хальс хэт зузаан юмуу хатуу байх тохиолдолд саванд байрлуулах үед жирэмслэлт амжилтгүй болох магадлал өндөр байдагЭнэ тохиолдолд үр шилжүүлэн суулгахаас өмнө лазерын тусламжтайгаар эмбрионы гадна хальсны тодорхой хэсгийг нимгэлэх буюу цоолох ажилбар хийдэг. Энэхүү ажилбарыг хийснээр эмбрион нь умайн хананд бэхлэгдэн үр тогтох бололцоо өндөр болдог. 
Энэ ажилбар хийгдэх шаардлагатай тохиолдлуудад:
. үр шилжүүлэн суулгалт хийлгэж буй эмэгтэйн нас          38-аас дээш гарсан тохиолдолд 
.  тамхи татдаг байх тохиолдолд
.  IVF-ET ажилбар буюу үр шилжүүлэн суулгалт                давтан амжилтгүй болсон тохиолдолд
.  боловсорч гүйцсэн өндгөн эсийн хэлбэрзүйн                    үзүүлэлтүүд муу гарах тохиолдолд
.  эмбрионы хальс зузаан байх юмуу өөр ямар нэг              өөрчлөлттэй байх тохиолдолд
.  цусан дахь фолликул идэвхжүүлэгч даавар FSH-               ын хэмжээ өндөр үзүүлэлттэй гарсан тохиолдолд 
.  хөлдөөн хадгалуулсан өндгөн эсийг гэсгээн умайд          шилжүүлэн суулгах тохиолдолд
  зэрэг тохиолдлуудад хийгдэнэ.


Эсийн гэмтлийг арилгах ажилбар(эмбрионы гоо засал)




Үр шилжүүлэн суулгалт амжилтгүй болох шалтгаан олон янз байдаг ч тэдгээрийн дундаас гол шалтгааны нэг нь эмбрионы цитоплазм фрагментаци буюу гэмтэлтэй доод зэрэглэлийн эмбрионыг шилжүүлэн суулгах явдал юм. Эмбрион хагарал гэмтэлтэй үүсэх нь гадна орчинд эмбрионыг өсгөх үед идэвхтэй хүчилтөрөгч зэрэг гадаад хүчин зүйл болон хэвийн бус эсийн хуваагдлын процесс, эр эм эсийн чанар, мөн хромосомын өөрчлөлт зэрэг дотоод хүчин зүйлээс улбаатай үүсдэг. Тэгэхээр эмбрионы хагарал гэмтэлтэй хэсэг нь их байх тусам эмбрионы хэвийн өсөлтөнд шаардлагатай эсийн шингэний дутагдлаар эмбрионы өсөлт болон умайн хананд бэхлэгдэхэд нь саад болох сөрөг нөлөөнүүд ихсэнэ гэсэн үг. Тиймээс удаа дараалан чанар муутай эмбрион үүсээд байгаа өвчтний хувьд үр шилжүүлэн суулгалт удаа дараалан хийлгэсэн ч амжилттай жирэмслэх хувь харьцангуй бага байна гэсэн үг юм. Иймд манай эмнэлэгт үр шилжүүлэн суулгах үед хэрэв өвчтний эмбрион хагарал гэмтэлтэй байх тохиолдолд эдгээр өвчтнүүдэд зориулан туслах хетчинг(AH) ажилбар болон урт удаан хугацааны туршлагад үндэслэн улам илүү боловсронгуй болж хөгжиж ирсэн хамгийн дээд зэрэглэлийн нарийн микро ажилбар болох эсийн хагарал бутралтай бөмблөгүүдийг шууд соруулан авч гэмтлийг бүрэн арилгах эмбрионы гоо сайхны мэс ажилбарыг хийсний дараа эхийн умайд шилжүүлэн суулгаснаар амжилттай жирэмслэх хувийг улам өндөрсгөх тал дээр илүү хичээн ажиллаж байна. Энэхүү ажилбарыг гүйцэтгэснээр эмбрионы гадаад байдлын зэрэглэлийг 1,2-р зэрэглэлийнх болгон дээшлүүлээд зогсохгүй мэс ажилбарыг хийснээс 24цагийн дараа ч ихэнх эмбрионд дахин эсийн хагарал гажиг үүсэхгүйгээр хэвийн хуваагдлын процесс цаашид явагддаг нь тогтоогдсон. Эмбрионы гоо засал ажилбар нь маш дээд зэрэглэлийн нарийн нягт технологийн чадавхи болон урт хугацааны анхаарал төвлөрүүлэлтийг шаарддаг нарийн төвөгтэй, хэцүү ажилбар учраас гадаадын цөөхөн тооны эмнэлэгт л хэрэгжүүлсэн тухай мэдээлэл байдаг. Дотооддоо өнөөгийн байдлаар зөвхөн манай эмнэлэгт л хийж байгаа билээ.



Хөлдөөн хадгалуулах


Энэ юу гэсэн үг вэ?
Энэ нь илүү гарсан эмбрион буюу эм, эр эсийг эсвэл үр шилжүүлэн суулгах эмчилгээний үеэр эмбрионыг шууд шилжүүлэн суулгах боломжгүй тохиолдол гарах үед юмуу суулгаад үлдсэн илүүдэл эмбрионыг лабораторийн нөхцөлд орчин үеийн тусгай зориулалтын төхөөрөмжинд хөлдөөн хадгалах боломжтой бөгөөд дараа жирэмслэхийг хүссэн үедээ ашиглах боломжтой юм. Хөлдөөсөн эмбрион суулгаснаар жирэмслэхэд ямар нэг сөрөг нөлөө байдаггүй бөгөөд энэхүү ажилбарын тусламжтайгаар хорвоод мэндэлсэн хүүхэд нь ердийн хүүхдийн адил эрүүл чийрэг төрдөг.
Яаж хийдэг вэ?
Хадгалсан үр хөврөлийг гэсгээн дахин сэргээн хэрэглэх тохиолдолд бага дозын эм хэрэглэх эсвэл огт эм тариа хэрэглэхгүйгээр эмэгтэйн мөчлөгийг тооцоолон тохиромжтой үед эхийн умайд үр хөврөлийг  суулгах болно. Ингэснээрээ нэг удаагийн үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр дараа дахин бүх процесст эхнээс нь хамрагдахгүйгээр 2-3 удаа жирэмслэх боломжтой гэсэн үг юм
Хэзээ хийх вэ?
Эмбрион, ооцит, эр эсийг зөвхөн үр шилжүүлэн суулгах эмчилгээний үед илүү гарсныг нь хадгалуулахаас гадна одоогоор жирэмслэх зорилгогүй байгаа ч хожим хойно хүссэн үедээ жирэмслэх зорилгоор урьдчилан хадгалуулж ч болдог. Хөлдөөн хадгалуулах хугацааг нь дахин сунгуулах боломжтой. 

Эмбрио цавуу


Анх 2002 онд энэхүү шинэ арга гарч ирсэн бөгөөд энэ нь гадна орчинд үр тогтоон умайд шилжүүлэн суулгах үед эмбрион умайн хананд сайн бэхлэгдэхэд тустай бодисуудыг найрлагандаа агуулсан имплантацийг дэмжих үйлчилгээтэй цавуу юм. Цавууны найрлаган дахь Hyaluronan хэмээх бодис нь фолликулын шингэн, үрийн суваг болон умайн шингэнд байдаг полисахаридын нэг төрөл ба үрийн суваг болон умайд наалдамхай орчинг илүү сайн бүрэлдүүлж өгөх бөгөөд ингэснээрээ эмбрион буюу үр хөврөл умайн хананд сайн бэхлэгддэг.   



Тестикулярс буюу мэс заслын аргаар эр эсийг  гарган авах 
(TESE/MTESE - Testicular Sperm Extraction)

Энэ нь эрэгтэй үргүйдлийн шалтгаантай хүнд хийгдэх ба эрэгтэйн төмсөгнөөс эр эс гаргаж авах ажилбар юм. Эр эс огт гадагшлахгүй бөглөрөл эсвэл ямар нэгэн төрөлхийн гажиг төрсөн тохиолдлоос үүсэлтэй юм. Үрийн шингэний суваг төрөлхийн гэмтэлтэй, үрийн шингэний суваг битүүрэлтэй, үрийн сувгийг сэргээх мэс засал амжилтгүй болсон тохиолдолд хөнгөн мэдээ алдуулан мэс заслын аргаар эр бэлгийн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгалт хийх боломжтой. Энэхүү аргаар авсан эр эс нь IVF ажилбар (хуруу шилний хүүхэд )-ын  нэг болох ICSI –ний үед эм эс рүү таригдана. Тестикулярс ажилбараар гаргаж авсан эр эсийг эсвэл аспираци аргуудаар бэлтгэгдэн авсан спермыг банкинд хадгалсны дараагаар дахин үр шилжүүлэн суулгах ажилбар (IVF) хийлгэх боломжтой юм. Хэсэгчилсэн хөнгөн мэдээгүйжүүлэлт хийн  мэс заслын микроскопыг ашиглан эр эсийг бий болгодог төмсөгнөөс эр эс гаргаж авах арга юм.


Өндгөн эсийн донор хөтөлбөр

Өндгөн эсийн донор хөтөлбөр нь үргүйдэлтэй гэр бүлд чухал ач холбогдолтой эмчилгээний  хөтөлбөрийн нэг юм. Учир нь өндгөвч байхгүй, өндгөвч нь эрүүл эс боловсруулах боломжгүй буюу өндгөн эсийн боловсролтын асуудалтай буюу мөн ямар наг ген, хромсомын асуудалтай, өндгөн эс нь чанарын шаардлагад нийцэхгүй байгаа эмэгтэйн өөрийнх нь өндгөн эсийг гарган авч үр шилжүүлэн суулгаснаас илүү донорын өндгөн эс авч үр шилжүүлэн суулгасан нь илүү амжилттай жирэмслэх магадлал өндөрсдөг.
Уг хөтөлбөрт харьцангуй нас залуу эмэгтэйн өндгөн эсийг авч эмчилгээнд ашиглах боломжтой.
Залуу эмэгтэй/донор/-ын өндгөн эсийг дааврын эм тарианы аргаар боловсруулан гаргаж авсны дараа мөн нэг өдөр нөхрийн үрийн шингэнээс эр бэлгийн эсийг гарган авч 2эсийг нэгтгэн үр хөврөл явуулах арга юм.
  Хэнд хийх вэ?
Өндгөн эсийн донор хөтөлбөрийг өндгөвч байхгүй, өндгөвч нь эрүүл эс боловсруулах боломжгүй, өндгөн эс боловсролтын сааталтай, өндгөн эсийн чанар маш муу өвчтнүүдэд санал болгодог.  Мөн түүнээс гадна доорх шалтгаантай хүмүүст ч шаардлагатай байдаг. Үүнд:
- Нас дээр гарсантай холбоотой үргүйдэл
Генийн ямар нэг өөрчлөлттэй гарсан өндгөн эсийн тохиолдолд
Эмэгтэйн өндгөвч нь эрүүл, сарын тэмдгийн мөчлөг нь тогтмол хэрнээ үргүйдлийн эмчилгээтэй холбоотой эм тариа ямар ч үйлчлэл үзүүлэхгүй байх тохиолдолд
- Урт хугацааны турш удаа дараалан нөхөн үржихүйн туслах технологийн аргаар жирэмслэх оролдлого хийсэн боловч жирэмслдэхгүй байх тохиолдолд  хийнэ.

Тээгч эх хөтөлбөр

Эмэгтэй хүний өндгөвч нь үр хөврөл бий болгох үүрэгтэй бол умай нь үүсч бий болсон үрийг тээх үүрэгтэй байдаг. Тэгвэл үр тогтсон хэдий ч хүүхдээ тээх боломжгүй эхчүүдэд туслах шинжлэх ухааны нэг арга нь "тээгч эх" юм. Шууд утгаар нь авч үзвэл донор гэж хэлж болохгүй. Үргүй хосуудтай  тохиролцсоны дагуу сайн дураар тэдний хүүхдийг төрүүлж өгдөг эмэгтэйг тээгч эх гэнэ.
Өөрөөр хэлвэл өөрийн нөхөн үржихүйн тогтолцоог түр хэрэглүүлнэ гэсэн үг юм. IVF буюу үр шилжүүлэн суулгах ажилбараар эхнэр нөхөр хоёроос авсан эсүүдийг лабораторийн нөхцөлд үр хөврөлд оруулан бүрэлдсэн үр хөврөл буюу эмбрионыг тээгч эхийн умайд шилжүүлж суулган жирэмслүүлэх арга юм.
Үүнийг яаж хэрэгжүүлдэг вэ?
Энэхүү аргыг хэрэгжүүлэхийн өмнө ирээдүйн эцэг эх ба хүүхдийг тээж төрүүлэхийг зөвшөөрсөн эмэгтэй нарын хооронд бичгээр гэрээ хийгдэхээс гадна сэтгэл зүйн болон хуульзүйн зөвлөгөө авах хэрэгтэй байдаг.  Эмчилгээ хийлгэх боломжтой нь тогтоогдсон буюу албан ёсоор харилцан тохиролцсоны дараа эмчилгээг эхлэх үүднээс тээгч эхийн саванд үр тогтоход нөлөөлөх эм тариа эмчилгээг эхлүүлэхийн зэрэгцээ ирээдүйн эцэг эх болох хосуудыг IVF-д бэлдэж эхлэнэ.
Хэнд хийх вэ?
Умайн хүчин зүйл буюу савны ямар нэг асуудалтайн улмаас өөрөөрөө жирэмслэх боломжгүй буюу хүүхэд тээх чадваргүй гэр бүлийн хосуудад IVF ажилбарыг тээгч эх хөтөлбөртэй хослуулан жирэмслэх боломжтой арга юм. Ингэснээр үргүйдлийн улмаас зовлон амсаж буй хосуудад  өөрсдийн үр удам залгах хүүхэдтэй болох боломжийг олгоод зогсохгүй гэр бүлийн амар тайван аз жаргалтай байдлыг ч хадгалан үлдэхэд чухал үүрэгтэй юм. 

Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал


Дурангийн мэс заслаар эмэгтэйчүүдийн хоргүй бүхий л эмгэгүүдийг эмчилж болно. Үүнд хэвлийн архаг өвдөлт, үргүйдэл, наалдац салгах, өндгөвчний хоргүй бүхий л эмгэгүүд, умайн хавдар, үтрээ, давсаг, умай унжих эмгэгүүдийн үед мэс засал хийх гэх мэт олон төрлийн эмчилгээг хийх боломжтой. 
Манай эмнэлэгт нарийн мэргэжлийн чадварлаг эмч нар лапароскопи хагалгаа, гистероскопи хагалгаа хэмээх 2төрлийн дурангийн хагалгааг хослуулан хийж эмэгтэйчүүдийн гаралтай бүхий л өвчнийг оношилж эмчилж байна.
Лапароскопи хагалгаа: Хэвлийн хөндийн дурангийн хагалгаа нь ерөнхий мэдээ алдуулалтын дор хэвлийд мэс хүргэхгүйгээр 2-3 жижигхэн нүх гарган хийгддэг. Эдгээр  нүхээр дамжуулан хэвлий дотор нүүрс хүчлийн хийг юүлэн дүүргэсэн байдалтайгаар дурангийн аппаратыг ашиглан мэс засал хийгдэнэ. Дараа нь шарх сорви бараг үлдэхгүй бөгөөд мэс заслын дараах өвдөлт болон эмнэлэгт хэвтэх хугацаа бага бие тэнхэрч хэвийн байдалдаа орохдоо түргэн давуу талтай. Эмэгтэйчүүдийн мэс заслын  97-с дээш хувийг хэвлийн хөндийн дурангийн мэс заслаар эмчилж байна. Өөрөөр хэлвэл, умайн хоргүй хавдрууд, өндгөвчний уйланхай, эндометриоз, бага аарцгийн хөндийн наалдац, савны гадуурх жирэмслэлт, умайн эндометрийн полип гэх мэтчилэн маш олон төрлийн эмэгтэйчүүдийн өвчний 98%-ийг хэвлийн хөндийг нээхгүйгээр дурангийн аргаар эмчилж байна.
Гистероскопи хагалгаа Умайн хөндийн дурангийн хагалгаа нь умайн хөндий дотор шингэн шахаж дурангийн тусламжтайгаар умайн ханыг шалган шаардлагатай тохиолдолд хийгддэг оношлогоо эмчилгээний ажилбар юм. Эмэгтэйн умайн дотор талын давхарга буюу умайн ханыг эндометр гэдэг. Эндометр нь сар болгон эстроген болон прогестерон дааврын нөлөөнөөс хамаарч өөрчлөгдөж байдаг. Эндометрийн эрүүл хэвийн бус байдал нь сарын тэмдгийн тогтвоpгүй цикл болон үргүйдлийн шалтгаан ч болох тохиолдол байдаг. Тиймээс гистероскопи хагалгааны аргаар умайн  дотор хананд буй  эмгэгийг тайрах, гадны биетийг авах, умайн салстын ургацгыг авах, эд эсийн шинжилгээ авах зэрэг ажилбарыг хийдэг.

Энэ хагалгааны давуу тал: Хагалгааны дараах өвдөлт багатай, гоо сайхны талаас хэвлийд ямар нэг сорви үлддэггүйгээрээ давуу талтай юм.



(Үр хөврөл суулгацын өмнөх генетик шинжилгээ )
(PGD- Preimplantation Genetic Diagnosis)




Эмбрион суулгацын өмнөх генийн шинжилгээ(эмбрион умайн хананд бэхлэгдэхээс өмнөх генийн оношлогоо) гэдэг нь бүрэлдэн тогтсон үр хөврөлөөс хромосомын өөрчлөлт болон генийн ямар нэг гажиг байгаа эсэхийг шинжлэн шалгадаг генетик оношлогоо юм. Нүдээр хараад шалгах боломжгүй генийн өөрчлөлттэй үр хөврөлийг суулгах тохиолдолд умайн хөндийд бэхлэгдэхгүй байх, бэхлэгдээд удалгүй зулбах, мөн гажигтай хүүхэд төрөх зэрэг аюултай үр дүн авчирч болзошгүй юм.
Энэхүү эрсдлийг багасгахын тулд сүүлийн үед бий болсон Microchip-ийг ашиглан хийдэг үр хөврөл умайн хөндийд бэхлэгдэхийн өмнөх генийн шинжилгээг хийн генийн өөрчлөлтгүй буюу хэвийн үр  хөврөлийг сонгон авч умайд суулгах тохиолдолд илүү аюулгүй бөгөөд жирэмслэх магадлал өндөртэй юм. Энэхүү шинжилгээ хийх ажилбарыг хийхдээ 8 эсийн хуваагдалтай үр хөврөлийн бластомер /эс 1-2 ширхэг мөн  бластоцистийн ихэсийг бий болгоход оролцдог шим тэжээлийн үүсвэрийн эс 5 ширхэг зэргийг гаргаж авсны дараа тэдгээрийн ДНК-г гарган авч шинжилдэг. Тус эмнэлэг нь үр хөврөлд аль болох гэмтэл өгөхгүй гэдэг үүднээс үр хөврөл бластоцист шатанд хүрэх үед шинжилгээ  хийх зарчмыг баримталдаг. Энэхүү генийн оношлогоог хийхэд 5хоног орчим зарцуулагддаг тул тухайн сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд үр хөврөлийг шилжүүлэн суулгах боломжгүй бөгөөд хөлдөөж хадгалан дараагийн мөчлөгийн үед гэсгээн зөвхөн эрүүл үр хөврөлийг умайд шилжүүлэн суулгадаг. Гэвч тус шинжилгээг хийх үед маш ховор тохиололд үр хөврөлөөс дээжлэн авсан эс нь  бөөмгүй эс байснаас болоод ДНК-ийн мэдээлэл буюу генийн мэдээлэл авах боломжгүй болсноор шинжилгээний үр дүн гарахгүй байх тохиолдол гарч  болзошгүй юм.














댓글 없음:

댓글 쓰기